МИЦУБИШИ АЗИЙН

ХҮҮХДИЙН ЭНИККИ ФЕСТИВАЛЬ

мэндчилгээ

  Мицүбиши гэвэл дэлхий даяар андахгүй. Тэгвэл Мицүбиши Корпораци болон Ази тивийн хүүхдүүд нөхөрлөөд 30 гаруй жил болж байна. Учир нь Мицүбиши Корпораци “Мицүбиши Азийн хүүхдийн Эникки Фестиваль” нэртэй хүүхдийн зургийн уралдааныг анх санаачлан зохион байгуулснаас хойш 31 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Эникки Азийн хүүхдүүдийн сэтгэл зүрхийг булааж, хамгийн алдартай зургийн фестиваль болж чаджээ.

  Өнөөдөр энэ уралдаанд алс тэртээх далайн чанад дахь Индонез улсаас Төв Азийн Казахстан хүрсэн өргөн уудам газар нутаг дахь Ази, Номхон далайн бүсийн 24 орны янз бүрийн хэлээр ярьдаг олон мянган хүүхэд багачууд оролцож байна. Энэ хүүхдүүд өөрийн нэг өдрийн амьдралаас сэдэвлэж зурсан зургаа хамгийн товчоор тайлбарлан бичдэг нь нэн сонирхолтой бөгөөд өөр хоорондоо болон Азийн ард түмнүүдийн соёлын гайхамшигт олон төрөлтэй танилцах ховорхон завшааныг тэдэнд бэлэглэдэг юм. Ингэснээрээ Эникки Ази даяар хүүхэд багачууд өөрсдийн амьдрал, бодол сэтгэл, хүсэл мөрөөдлөө илэрхийлэх нээлттэй цонх нь болж, ирээдүйд энх амгалан, сайн сайхан дэлхий ертөнцийг цогцлоож аж төрөх эх булаг нь болж байгаа юм.

  Монголын хүүхдүүд энэхүү фестивальд 1993 оноос тасралтгүй идэвхтэй оролцон, 12 удаагийн уралдааныг эх орондоо зохион байгуулж, хэдэн арван мянган хүүхэд авьяас билгээ уралдуулан Эникки зургаа зурж Азийн анд нөхөддөө илгээжээ. Манай хүүхэд багачууд дэлхийд нэн содон нүүдлийн ахуй соёл, ёс заншил, зан үйлээсээ голдуу сонгон зурж, тайлбар бичин илгээж байгаа нь монгол орон, өв соёл, өөрсдийгөө дэлхийд сурталчлан таниулахад тэд нараас оруулж буй өвөрмөц, өөр хэнээс ч гарахгүй онцгой хувь нэмэр билээ.

  Энэ ялдамд 'Мицүбиши Азийн Хүүхдийн Эникки Фестиваль'-ийг Монгол улсад зохион байгуулах боломжийг олгож дэмжлэг үзүүлж байдаг Япон улс дахь ЮНЕСКО-ийн клуб, нийгэмлэгүүдийн Японы Үндэсний Холбоо, Монгол улсад зохион байгуулахад байнга тусалж дэмждэг Монголын хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төв зэрэг хүүхдийн хөгжлийн төлөөх байгууллагууд, ерөнхий боловсролын сургуулиуд, зургийн сургалтын газрууд, багш, сурган хүмүүжүүлэгч нар, урлаг, соёлын мэргэжилтнүүд, уран бүтээлчид, хүүхэд багачууддаа болон тэдний эцэг эхчүүдэд гүн талархлаа илэрхийлж байна. 

  Бид та бүхэнд 'Мицүбиши Азийн Хүүхдийн Эникки Фестиваль'-ийн шилдэг бүтээлүүдийг танилцуулж байх зорилгоор энэхүү "Эникки уран бүтээлийн дээжис" нэртэй цахим хуудсыг бүтээж дэлгэн сонирхуулж байна. Зураг зурах дуртай хүүхэд багачууд та  бүгдэд амжилт хүсэж ирээдүйд нэр алдартай уран бүтээлчид болоорой гэж хүсэн ерөөе! 

​Манай цахим хуудсаар зочилсон танд баярлалаа. 

 

‘Мицүбиши Азийн Хүүхдийн Эникки Фестиваль'-ийн

Үндэсний зохион байгуулах хороо