МИЦУБИШИ АЗИЙН ХҮҮХДИЙН ЭНИККИ ФЕСТИВАЛЬ
2021-2022
ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ
Мицүбиши гэвэл дэлхий даяар андахгүй. Тэгвэл Мицүбиши Корпораци болон Ази тивийн хүүхдүүд нөхөрлөөд 30 гаруй жил болж байна. Учир нь Мицүбиши Корпораци “Мицүбиши Азийн хүүхдийн Эникки Фестиваль” нэртэй хүүхдийн зургийн уралдааныг анх санаачлан зохион байгуулснаас хойш 33 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Эникки Азийн хүүхдүүдийн сэтгэл зүрхийг булааж, хамгийн алдартай зургийн фестиваль болж чаджээ.
Өнөөдөр энэ уралдаанд алс тэртээх далайн чанад дахь Индонез улсаас Төв Азийн Казахстан хүрсэн өргөн уудам газар нутаг дахь Ази, Номхон далайн бүсийн 24 орны янз бүрийн хэлээр ярьдаг олон мянган хүүхэд багачууд оролцож байна. Энэ хүүхдүүд өөрийн нэг өдрийн амьдралаас сэдэвлэж зурсан зургаа хамгийн товчоор тайлбарлан бичдэг нь нэн сонирхолтой. Энэ нь өөр хоорондоо болон Азийн ард түмнүүдийн соёлын гайхамшигт олон төрөлтэй танилцах ховорхон завшааныг тэдэнд бэлэглэдэг билээ. Ингэснээрээ Эникки Ази даяар хүүхэд багачууд өөрсдийн амьдрал, бодол сэтгэл, хүсэл мөрөөдлөө илэрхийлэх нээлттэй цонх нь болж, ирээдүйд энх амгалан, сайн сайхан дэлхий ертөнцийг цогцлоож аж төрөх эх булаг нь болсоор ирсэн.
Монголын хүүхдүүд энэхүү фестивальд 1993 оноос тасралтгүй идэвхтэй оролцон, 15 удаагийн уралдааныг эх орондоо зохион байгуулж, хэдэн арван мянган хүүхэд авьяас билгээ уралдуулан Эникки зургаа зурж Азийн анд нөхөддөө илгээжээ.
Тэгвэл өнгөрөгч 5 дугаар сарын 27-ны өдөр Монгол Арт Галлерейн үзэсгэлэнгийн танхимаа 2021-2022 онд зохион байгуулсан 15 дахь удаагийн 'Мицүбиши Азийн Хүүхдийн Эникки Фестиваль' хүүхдийн зургийн уралдаанд Монгол улсаас оролцож шагналт байрт шалгарсан 20 хүүхдийн шилдэг ЭНИККИ уран бүтээлүүдийг дэлгэн сонирхуулсан “Миний Амьдрал Энд” үзэсгэлэнгийн нээлт, мөн шагналын эзэд хүүхдүүддээ шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ ёслол төгөлдөр болж өнгөрлөө.
Энэ баярт үйл явдлын ёслолыг нээж Монгол Улсын Соёлын Гаъяат Зүтгэлтэн, ЮНЕСКО-гийн Үндэсний элч, Байгаль, соёлын өвийг хамгаалах сангийн Тэргүүн, доктор, профессор Норовын Уртнасан үг хэлж энэ удаагийн үзэсгэлэн, зургийн уралдааны онцлогийг цохон тэмдэглэхийн хамт уригдан ирсэн уран бүтээлч хүүхэд багачууд, тэдний эцэг эхчүүд, зургийн багш нар, үзэгч олонд гүн талархал илэрхийлж баяр хүргэв.
Ёслолын арга хэмжээний үеээр нийслэлийн 32-р сургуулийн 4-р ангийн сурагч, Монголын Хүүхдийн ордны бүжгийн дугуйлангийн бүжигчин охин Ц.Сорхугтани шагналт байрын эзэн хүүхдүүдэд баяр хүргэж Монгол ардын уламжлалт бий биелгээ ‘Журай Гэлдэн’ бүжгээр мэндчилгээ дэвшүүллээ.
Шагнал гардуулах ёслолын үеээр Гранпри шагналын эзэн, Нийслэлийн Налайх дүүрэг дэх ‘Эрдмийн Оргил’ сургуулийн сурагч Энхтөрийн Ану-Үжин, Япон улс дахь зохион байгуулагч байгууллагуудын нэрэмжит шагналтнууд болох Шинэ Өнөөдөр сургуулийн сурагч Зоригтын Туул, Дэлгэрхангайн Маргад, Дорноговь аймаг дахь Замын-Үүд сумын ЕБС-ийн сурагч Хуягбаатарын Номин, мөн Япон улсын болон Үндэсний тусгай байрын шагналтнууд болох Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ЕБС-ийн сурагч Наранцацралын Ариунсолонго, Нийслэл дэх Оюунлаг сургуулийн сурагч Отгонбаатарын Гэрэлмаа, Өвөрхангай аймаг дахь Арвайхээр сумын ЕБС-ийн сурагч Ичинноровын Түмэннаст нарын уран бүтээлч нийт 20 хүүхэд бэлэг дурсгалын зүйлсийн хамт Батламжаа гардан авлаа.
Энэ удаагийн “Миний Амьдрал Энд” сэдэвт хүүхдийн зургийн үзэсгэлэнд Монгол улсаас шалгарсан шагналт байрын эзэд болох шагналаа гардан авсан 20 уран бүтээлч хүүхдийн өөрсдийн өдөр тутмын амьдралаас сэдэвлэн бүтээсэн шилдэг уран бүтээлүүдийг дэлгэн сонирхуулсан нь үзэгч олны талархлыг хүлээв. Манай хүүхэд багачууд дэлхийд нэн содон нүүдлийн ахуй соёл, ёс заншил, зан үйлээсээ голдуу сонгон зурж, тайлбар бичин илгээж байгаа нь Монгол орон, өв соёл, өөрсдийгөө дэлхийд сурталчлан таниулахад тэд нараас оруулж буй өвөрмөц, өөр хэнээс ч гарахгүй онцгой хувь нэмэр билээ.
Энэхүү үзэсгэлэнг Япон улсын Мицубишигийн Олон Нийттэй Харилцах Хороо, Ази-Номхон далайн ЮНЕСКО-ийн клуб, нийгэмлэгүүдийн холбоо, ЮНЕСКО-ийн Клуб Нийгэмлэгүүдийн Японы Үндэсний Холбооны дэмжлэгтэйгээр ЮНЕСКО-ийн Батламжит Байгаль, Соёлын Өвийг Хамгаалах Сан Монгол улсдаа ийнхүү зохион байгууллаа.